Дижитал түргэн хэвлэл болон Офсет хэвлэлийн ялгаа

Эдгээр 2 төрөл нь хэвлэхэд ашигладаг технологийн хувьд тэс өөр. Офсет хэвлэлийн хувьд түгээмэл ашиглагддаг хэвлэх арга бөгөөд 3 шат дамжлагаас бүрдэнэ.

  • Нэгдүгээрт цайр буюу төмөр гадаргуу бүхий том хэмжээтэй хавтан дээр хэвлэх гэж буй дүрсээ шарж бэлтгэнэ.
  • Хоёрдугаарт уг төмөр хавтангаараа шингэн төрлийн будгийг резинэн гадаргуутай даавуун маягийн хавтан дээр дамжуулж авдаг.
  • Гуравдугаарт буюу эцэст нь уг даавуун хавтан буюу хэвлэлийн салбарт бланкет гэж нэрлэдэг хавтангаас цаасан дээр дүрсээ буулгаж авдаг.

Эдгээр түүхий эд болох хавтан, даавуун бланкет зэргээс тус тус нэгийг ашиглан нэг л дүрс гаргаж авах боломжтой буюу 1 хавтан дээр А4 хэмжээтэй 8 нүүр дүрс л өрж тавих боломжтой. Жишээ авч үзвэл 100 хуудастай сэтгүүлд 25 ширхэг хавтан, бланкет зэрэг түүхий материал шаардлагатай. Иймд нэгэнт 25 ширхэг хавтан дээр дүрсээ гаргаад авсан бол дор хаяж уг 100 хуудастай сэтгүүлээсээ 500 хувийг хэвлэж байж нэгж сэтгүүлийн өртөг нь энгийн принтер дээр хэвлэснээс хямд тусдаг. Иймд офсет хэвлэлийг сонин сэтгүүл, ном товхимол хэвлэхэд түлхүү ашигладаг ба үйлдвэрлэлийн аргаар их хэмжээгээр хямд өртөгтэй бүтээгдхүүн гаргаж авах зориулалттай.

 

Харин дижитал хэвлэлийн хувьд технологи нь илүү орчин үеийнх буюу цөөн тооны материалыг чанартайгаар хурдан хэвлэж авахад зориулагдсан арга юм. Өөрөөр хэлбэл та бидний өдөр тутамдаа ашигладаг лазер принтер нь дижитал хэвлэлийн машинд тооцогддог. Хэрэвээ та анзаарсан бол копи центрүүдэд ашиглагддаг принтерүүд нь ихэвчлэн хэмжээний хувьд энгийн албан байгууллагуудад түгээмэл байдаг принтерүүдээс том, хүчин чадлын хувьд их хэмжээний материалыг зогсолтгүй хэвлэхэд зориулагдсан өндөр хурдтай төхөөрөмжүүд байдаг.

Дижитал хэвлэлд ашиглагддаг технологийн хувьд товчхон тайлбарлавал компьютер дээрээс хэвлэх комманд өгсөн дүрсийг принтер дотор байрладаг дугуй хэлбэрийн бул төмөрүүд нунтаг хорнуудаас өөр дээрээ маш өндөр нарийвчлалтайгаар цахилгаан соронзон технологи ашиглан татаж дүрсийг боловсруулснаар цаасан дээр өндөр хэмд халааж буулгах процесс юм.

Хэрэв та цөөн тооны буюу жишээлбэл 100 хүнд зориулсан хурал, сургалтын материал хэвлэх шаардлагатай болвол хэвлэлийн үйлдвэрүүд гэхээсээ илүү дижитал түргэн хэвлэлийн төвийг зориорой. Дижитал хэвлэлийн томоохон давуу талуудаас дурьдвал:

  • Офсет үйлдвэртэй харьцуулбал өмнөх захиалагчийн ажил хэвлэгдэж дуусах дараалал хүлээх шаардлагагүй таны ажлыг тухай бүрт нь хүлээж авч хамгийн хурднаар хэвлэж өгдөг.
  • Тоо хэмжээний хувьд ямар нэг хязгаарлалтгүй хүссэн тоогоороо хэвлүүлэх боломжтой.
  • Хувилбар бүр дээр бага зэрэг өөрлөлтүүд оруулан хэвлүүлж авах боломжтой. Жишээлбэл: 100 хүний нэр, хувийн мэдээлэл зэргийг 100 ширхэг ижил төрлийн материал дээр тусгайлан нэг бүрчлэн оруулж хэвлэх боломжтой.
  • Дижитал хэвлэлийн төвүүдэд ихэвчлэн өндөр хурдны төхөөрөмжүүд байдаг тул заавал өөрийнхөө принтерийн хүчин чадлыг тултал нь ашиглан цаг алдах шаардлагагүй. Учир нь энгийн офис загварын принтерүүд дээр их хэмжээний хэвлэх хувилах зэрэг ажлыг гүйцэтгэхэд принтер гацах, хор амархан дуусах зэрэг асуудлуудыг тооцоод баршгүй.